Wednesday, July 29, 2009

ЖУЛИЯГИЙН НУЛИМС



Би Хөөрхий муу эрх Жулиягаа арай л дэндүүлчих шиг боллоо. Манайхан бүгд лагерьт гараад би Жулияг өдөрт ганцааранг нь орхихгүй гээд ээжийнд аваачаад тавьчихсан юм. Гэтэл орхиод явсан орой үүднээс салахгүй хэвтээд байна гэж дуулдаж байсан юм. Тэр ерөөсөө дэндүү эрх нохой, жаахан хал үзэг гээд бид тоохгүй байсныг яана гээч. Гэтэл 7 хоног гайгүй байж байснаа өчигдөр орой /10 дахь хоног/ ээж гэнэтхэн “Нохой чинь ширээн доогуур уйлаад хэвтээд байна. Хоол ч идэхгүй байна” гэсэн мессеж ирүүлдэг байгаа.

Monday, July 27, 2009

НАВЧСЫН СЭРЧИГНЭЭН ЮУ ӨГҮҮЛЭВ

Ойн цоорхойд энэ тэрхэн зүйлийг эргэцүүлэн хэвтэхэд
Моддын чөлөөгөөр тэнгэр шагайж, бодлыг минь тольдоно.

Навчсын сэрчигнээн найрал хөгжим мэт уянгатай.
Намайг,
Бас энэд байгаа бүх хүмүүсийг уяраан аргадаж,
Сэтгэлийг минь хөглөх шиг.

Тэр гайхамшигт чимээг эс сонсвол эдгээр модод дэндүү дүнсгэр,
Дэндүү уйтгартай.

Навчсын сэрчигнэх чимээг сайн чагнавал өөр өөрийн гэсэн өнгө аястай л байгаа даа. Мод бүхэн сонин түүхтэй, мөчир бүхэн навч бүхэн өөрийн гэсэн хөг аялгуутай байгаа даа. Энэ модод хэдэн жил болсон бол. Хөөрхий энэ моддыг хэн ч сонсдоггүй болов уу эсвэл өөрсдөө хоорондоо бас сэтгэл санаагаа хуваалцдаг болов уу. Тэр нь бидэнд даанч нууц юм даа.

Хүн гэдэг амьтан дотоод сэтгэлээ илэрхийлж, бие биенээ ойлгож, баяр хөөр, зовлон гунигаа хуваалцаж чаддаг нь юутай их аз заяа вэ хэмээн бодсоор би унтахаар шийдлээ. Модод зүүдэнд минь нууцаа дэлгэхгүй байгаа даа гэж найдсандаа тэр шүү дээ...

Унтаж сэрээд зүүдээ санахыг хичээлээ. Модод зүүдэнд минь салхины тухай өгүүлсэн байлаа...

Өөр бас зөндөөн нууцаасаа модод надад ярьсаан...

Тэр тухай дахин дахин бодож үзлээ. Гэтэл тэр бүхнийг батлах гэсэн мэт яг миний дэргэд нэг содон ургасан мод байх юм. Тэр мод ганцаараа ганцхан талдаа мөчиртэй нөгөө талдаа юу ч үгүй. Яагаад ийм сонин байгаа юм бол. Наран зүгт тэмүүлж мөчирүүд нь ургаж дээ гэж бодтол бусад моднууд зүв зүгээр байлаа.