Saturday, December 31, 2011

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая.

Monday, December 12, 2011

БОЛОР ЦОМЫН ТЭРГҮҮН ШҮЛЭГ


МОНГОЛ ХЭЛ 
Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм
Хагацлын гунигийг уртын дуугаар аргадах нь өндөр газрын салхи юм
Эртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих эхийн дуншил юм
Эхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа

Хэрэмний чинадаас адуу нутгаа гүйх нь аадар борооны товшоо юм
Хээр талд аадар шаагин орох нь амраг шанзны аялгуу юм
Төвөнх аргааж амраг шанз цурхирах нь сэтгэлээ илчилсэн үг юм
Түгдрэн байж хайр сэтгэлээ илчлэх нь миний монгол хэл юм аа

Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм
Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм
Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм
Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа

Байгаль далай дэлээ хийсгэн давалгаалах нь дун хясааны цуурай юм
Баруун чихэнд дун хясаа цуурайлах нь ойн салхины шуугиан юм
Түрэмгий салхинд модны орой шуугих нь цэрэг эрсийн уухай юм
Түүх шастираас Чингисийн баатрууд уухайлах нь миний монгол хэл юм аа

Энэ дөрвөн хязгаарын хил дээсэн дотор
Элсний ширхэг бөмбөрөхөөс аянга ниргэх хүртэл
Эх байгалийн дуулсан авиа бүхнийг сонордож
Элэнцийн элэнцээс туурвисан даанч яруу монгол хэл ээ
Д.Болдхуяг    
http://www.mminfo.mn